Sprachengerechtigkeit (Vortrag in mongolischer Sprache)

Kollegin Baljir Bolormaa hat meinen IDT-Abschlussvortrag „Sprachengerechtigkeit“ vom 20.08.2022 dankenswerter Weise ins Mongolische übersetzt.

Профессор, шинжлэх ухааны доктор Ханс-Юрген Крумм
Олон хэлний тэгш эрх
Олон улсын Герман хэлний багш нарын XVII их хурлын хаалтын илтгэл
Вена хот, 20.08.2022
2005 онд Давид Фостер Валласын ярьсан нэгэн ёгт өгүүллээр би илтгэлээ эхлэхийг хүсэж байна.
Хоёр залуу загас сэлж явахдаа эсрэг чигт явж буй нэгэн ахимаг насны загастай тааралджээ. Тэрээр тэдэнтэй толгой дохин мэндчилж, “Өглөөний мэнд, залуусаа. Ус ямархуу байна даа?” хэмээн асууж гэнэ. Хоёр залуу загас цааш хэсэг сэлж явснаа нэг нь нөгөө рүүгээ харц чулуудан “Чөтгөр ав гэж! Ус гэж юу вэ?” хэмээн сүүрс алджээ.
Загас усанд ийнхүү амьдардагийн адил бид ч олон хэлний дунд оршихдоо тэр хэлний талаар нэг их тунгаан бодохгүй, ардчилсан зарчмаар хамтаар оршиход хэлний үр нөлөө болон ач холбогдлыг тэр бүр ухамсарлахгүйгээр түүнийг хэрэглэдэг. Бид олон хэлтэй хэрхэн харьцдaгийг дээрх түүх тод илтгэж буй юм. Энэхүү маш ойлгомжтой зүйлийг манай хурлын сэдвээс бид илүү тодорхой ойлгох болно: Загас шиг усанд ийш тийш сэлэх нь хангалтгүй, харин олон хэлний харилцан нөлөөлөх механизм, тэдгээрийн хэрэглээ төдийгүй буруу хэрэглээг ч мөн нухацтай авч үзэх шаардлагатай юм.
Олон хэлний эрх тэгш байдлын гол зорилго нь энэ дэлхийд хүн бүр өөр өөрийн хэл яриагаар тодорхой байр суурийг эзэлж, өөр өөрийнхөө хэлээр сонсож, уншиж чаддаг байх ижил тэгш эрхийг олгоход оршино гэдгийг уг илтгэлээр дамжуулан миний бие сануулахыг хүсэж байна. Энэ утгаараа манай хурлын сэдэв хэдий чухал, цаг үеэ олсон ч бага зэрэг нэмэлт тайлбар хийх шаардлагатай байна. Манай хурлын „mit Sprache teilhaben“ (“Хэл яриагаараа оролцох”) урианд олон тооны N дагавар дутуу байгаа нь нэг хэлний тухай яригдах бөгөөд харин N дагаврыг залгавал „mit SprachEN teilhaben“ буюу олон хэлний тухай асуудлаар яриа өрнөх болох юм. Манай гариг дээр хэл яриа зөвхөн олон тоон дээр байдаг. Олон хэлний эрх тэгш байдал бол нэг хэл давамгайлах аливаа үзэл суртлын эсрэг ойлголт билээ.
Герман хэлний багш бид зааж буй дан ганц герман хэлээ харахаас илүү сэлж буй загасанд ус хэрэгтэй байдгийн адил бидний суралцагчдын хувьд чухал гэх тэр олон хэлэнд илүү анхаарал хандуулах шаардлагатай билээ.
Уг асуудлыг би өнөөдөр 4 хэсэгт нэгтгэн авч үзэж байна. Үүнд:
1. Нэг хэлний тухай асуудал нь өнгөрсөн гурван зууны турш үргэлжилсэн колончлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон үндсэрхэг үзлийн өв юм. Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн хэлний үндсэрхэг үзэл буюу нэг хэлний ихэрхүү байр байдал нь олон хэлний тэгш бус байдалд нөлөөлж байна.
Дундад зуунаас 19-р зууны эхэн үе хүртэл Ромын эзэнт гүрэн, Хабсбургийн эзэнт гүрэн зэрэг Европын томоохон эзэнт гүрнүүд бусад тивийн олон улс орны адил олон үндэс угсаа болон хэл, соёлын эзэнт улсууд байсан. Европ тивд үндэстэн улсууд байгуулагдаж эхэлсэн цагаас “Нэг улс – нэг хэл” хэмээх үзэл баримтлалыг нэг ижил үндэстэн улсын үзэл суртлын хэрэгсэл болгон хөгжүүлж ирсэн юм. Энэ үзэл баримтлал тухайн улсын иргэдийг давууд тооцон бусдаас онцлох, түүнчлэн бусдыг дорд үзэх хэрэгсэл болж хувирсан юм. Ялангуяа европын колончлол нь хэл яриаг бусдыг ноёрхох, дарлан мөлжих хэрэгсэл болгон дэлхий даяар ашигласан билээ. Ганц жишээ татахад, 1904 онд Герман улс Камеруныг колончлох үед гаргасан нэгэн зарлиг тогтоолд:
“Нутгийн уугуул иргэд герман хэлийг голчлон үргэлжлүүлэн сурах шаардлагатай, учир нь герман хэлийг харуудын дунд түгээн дэлгэрүүлснээр европын мэдлэгийн арвин их санд нэвтрэх үүд хаалга нээгдэж, тэдний соёлыг дээшлүүлэх боломжтой болно хэмээх колони байгуулахдаа дэвшүүлсэн бидний үүрэг биелэлээ олох юм.” (Шрайбер 1904: 119, Энгелбергээс ишлэв 2014. 328 тал)
хэмээн дурдсан байдаг.
Хэлээр дамжуулан колончлох гэсэн энэхүү биелэгдэшгүй амлалт, бусад хэл, соёлын хувьд харалган хэлний үндсэрхэг үзэл өнөөдөр ч оршсоор байна. Тэр бүү хэл энэ үзэл улам гаарч байна. Тухайлбал АНУ дахь испани хэл, Хятад улс дахь уйгар, монгол хэл, Турк улс дахь курд хэл гэх жишээ татаж болно. Путин дайн эхлүүлэхээс өмнө Украйнд орос, украйн хэл зэрэгцэн оршиж байсан бол одоо хоёр хэлийг эсрэгцүүлэн ашиглах болов. Бидэнд ч мөн хэлний нэг ижил байдал үндэсний эв нэгдэлд чухал, олон хэлний асуудал энэ эв нэгдэлд занал учруулна, бүр цаашилбал эдийн засагт чухал гэх мэтээр итгүүлэх гэж оролдсоор ирсэн. 1904 онд гаргасан колончлолын үеийн тогтоолыг өнөөгийн Европ тивийн 2022 оны байдалд тааруулан:
“Гуравдагч орны иргэд тус улсын хэлийг голчлон сурах шаардлагатай, учир нь дүрвэгсэд буюу шилжин ирэгсдийн дунд хэлийг түгээн дэлгэрүүлснээр тэдэнд манай нийгэмд оршин байх үүд хаалга нээгдэж, тэдний соёлыг дээшлүүлэх боломжтой болно.” хэмээн өөрчлөн хэлж болох юм.
Өнөөгийн Европ тивд ч мөн адил хэлний үндсэрхэг үзэл, колончлолын ихэрхэг бардам зан ноёрхсоор байна. Хэл яриаг нэгтгэх биш харин тусгаарлах хэрэгсэл болгон ашиглаж байна. Олон хэл болон тэдгээр хэлээр хэлэлцэгч хүмүүст өөр өөр эрх үйлчилж байна. Тухайлбал, Европын холбооны гишүүн орнуудын иргэд хэлний чадвараас үл хамааран Европын холбоо дотроо чөлөөтэй зорчих эрхтэй. Германд амьдардаг хүлээн зөвшөөрөгдсөн цөөнх болох сорбууд болон даничууд, Австрийн цөөнхүүд бүс нутгийн хэмжээнд тус тусын хэл ярианы эрхээ эдэлдэг бөгөөд сургууль болон төрийн байгууллагуудад өөрийн хэлээр харилцах эрх үүнд мөн хамаарна. Харин гуравдагч орны иргэд, цагаачид, дүрвэгсдийн хувьд тухайн орны үндэсний хэлийг эзэмшсэнээр тухайн улсад үлдэх, оршин суух, гэр бүлээ авчрах эрх нь үүсэх юм.
Дэлхийн 1-р дайны дараа үүссэн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас дэлхийн өнцөг булан бүрт цагаачилсан европын дүрвэгсэд, дэлхийн 2-р дайны үед дайн болон нацистуудаас зугтсан олон хүн, мөн дэлхийн 2-р дайны дараа өөр улс оронд орогнол хайсан нацистууд – тэд бүгд ямар ч хэлний шалгалт өгөх шаардлагагүй байсан юм. Мэдээжийн хэрэг тухайн улсынхаа хэлийг эзэмших шаардлага гарсан нь нэгдэн нийлэхийн үр дүн байснаас бус тус улсад нэвтрэн орох эрх нь байгаагүй юм. Харин үүний эсрэгээр сүүлийн 20 жилээс гуравдагч орны иргэд Европын тухайн орны хэлийг эзэмшсэн байх нь тэнд хууль ёсоор оршин суух урьдчилсан нөхцөл болжээ. Энэ үеэс эхлэн хэлний ондоо байдлыг үндэсний уугуул мөн чанарт аюул занал учруулж байна гэж үзэн хориг тавьж хязгаарлах болов. 2019 онд Австрийн холбооны засгийн газрын тайланд хүний эрхийн ёсоор гэр бүлийг нийлүүлэхээс анхааруулж нэгэн хачирхалтай мэдэгдэл гаргасан. Үүнд: Өөр хэлтэй эхнэр нөхөр хоёр төрсөн цагаас Австрид амьдарч буй гэр бүлдээ ирэхээр бол эцэг эх буюу өвөг эцэг, эмэг эх болон араас татаж авсан гэр бүлийн хүний зөөвөрлөсөн хэл нь герман хэлийг шахах боломжтой юм (Мэргэжилтнүүдийн зөвлөл/BMEIA1). Герман хэлээс өөр хэлийг гэр бүлийн хүрээнд хэрэглэж байгаа нь тухайн нийгмийн гишүүн болж нэгдэн нягтрахад асуудал болж байна хэмээн үүгээр тайлбарлаж буй бөгөөд хувь хүний болоод гэр бүлийн олон хэлний талаар энд огт авч үзээгүй байна. 1 Bundesministerium für europäische und internationale Angelegenheiten (BMEIA) – Европ ба олон улсын хэрэг эрхлэх холбооны улсын яам (ЕОХХЯ)
Нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байж хэлийг амжилттай сайн сурдаг гэдгийг бид бүгд мэднэ. Нэг хэлний үзэл суртал нь хүний хэл ярианы эрхийг ноцтой зөрчиж буйн нэг илрэл юм. Та бүхний олонх нь улс орондоо хэлний ийм үзэл суртал болоод олон хэлийг үл ойшоосон жишээ баримтуудыг дурдаж чадна гэдэгт миний бие итгэлтэй байна. Хэлийг ижилсүүлэх буюу ялгаварлан тусгаарлах гэсэн эдгээр оролдлого өнөөдрийг хүртэл үргэлжилж буй колончлолын үеийн өв юм.
Бүгд бие биенээсээ хамааран оршиж буй энэ дэлхий ертөнц дээр колончлолын үеийн хэлний эрэмбэ дараалал болоод онцгойлон авч үзэх үндэсний хэлний бодлого ямар ч явцгүй юм. Нийтээрээ, нийгмээрээ эв нэгдлийг сахихад хэлний нэг ижил байдлаас хамаарахгүй, харин ч эсрэгээр бүх хүнийг өөр өөрийн хэл яриагаар нь хүлээн зөвшөөрөх явдал юм. Ондоошил болон хэлний ондоошлыг хүндлэн хүлээн зөвшөөрөх нь ардчилсан зарчмаар хамтаар оршин байхын нэг шинж тэмдэг болно. Намибийн үндсэн хуулиар англи хэлийг албан ёсны хэл болгон тогтоосон ч “Уг үндсэн хуулийн аль ч заалтаар өөр нэгэн хэлийг хичээлийн хэл болгохыг хориглохгүй. … Хүн амын нэлээд хэсэг нь өөр бусад хэлээр ярьдаг бүс нутгийн хэмжээнд хууль тогтоох, засаг захиргааны болон хууль зүйн хүрээнд англи хэлээс бусад хэлийг хэрэглэхийг зөвшөөрсөн аливаа хууль тогтоомжид үндсэн хууль харшлаагүй болно.” хэмээн хуульчилжээ.
Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст арав түүнээс дээш хэлээр хичээл заах явдал цөөнгүй билээ. Ийн хэлийг нээлттэй авч үзэх нь хэлний тэгш эрхийн тухай ярих урьдчилсан нөхцөл болох бөгөөд колончлолын үеийн нэг хэлний тухай үзэл суртлыг халж, олон хэлээр чөлөөтэй харилцах, сурах эрх чөлөөтэй гэдгээ бид өөр өөрийн орны засгийн газартаа уламжилж, уриалах хэрэгтэй байна. Үндэстний хэлний үзэл санааг бид шүүмжлэлтэй авч хэлэлцэхийн хамт ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиудад хэлний нээлттэй бодлогыг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.
2. Олон орны боловсролын тогтолцоо нь хүүхдийн хэлний баялаг нөөц, чадавхийг үнэлэхгүй, маш цөөхөн хэлийг сургалтын хөтөлбөрт санал болгож байгаагаараа хэлний тэгш бус байдлыг дэмжиж байна. Боловсролын тогтолцооны гол үүрэг нь хүүхэд, залуусыг олон хэлний нийгмийн амьдралд бэлтгэх, тэдэнд олон хэл сурах үүд хаалгыг нээж өгөх явдал юм.
Цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиудад олон хэл эзэмшсэн хүүхэд, залуус улам их тааралдах болсон нь дэлхийн хаана ч, аль ч улс оронд тохиолдож байна. Энэ нь дан ганц цагаачлалын үр дагавар биш ээ. Эдгээр хүүхэд, залуусын ярьдаг/харьцдаг олон хэлийг боловсролын байгууллагуудад үнэлдэггүй учир шалтгаан нь нэг талаас тэдний хэл тухайн сургуулийн албан ёсны дүрэмд тусгагдаагүй, нөгөө талаас багш бид тэдгээр хүүхэд, залуусын хэлийг өөрсдөө эзэмшээгүйгээс тэднийг хянаж, шалгаж чадахгүйд хүрнэ гэхээс айдаг, болгоомжилдог зэрэгт байна. Хэдэн жилийн өмнө Герман, Австри улсад хүүхдүүдэд гэртээ ярьдаг хэлийг нь хичээлийн завсарлагаанаар хэрэглэхийг хориглож, зөвхөн германаар ярихыг шаардаж байв. Харин азаар холбогдох яамд хүний эрхийг зөрчсөн гэж үзээд уг асуудлыг зогсоосон юм. Гэвч зарим сургуулиудад уг хоригийг “Зөвлөмж” нэрийн дор эцэг эх, хүүхдүүдэд их дарамт учруулан хэрэгжүүлсээр байна. Хүүхдүүдийн эзэмшсэн олон хэл, тэр ч байтугай хөрш орнуудын хэлийг хүртэл дунд сургуулиудад албан ёсны хэлний дараа хоёрдугаарт тавьж байгаа нь нэг талаас албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн элитүүдийн хэл, нөгөө талаас зөвхөн ядуусын ярьдаг хүчин төгөлдөр бус хэл яриа гэж хэлүүдийг зэрэглэж байна хэмээн ойлгогдож байна. Амьдрал дээр ийн ялгаварлан гадуурхсан хандлагыг “Олон хэлний эрх мэдэл” (2021) номондоо Ольга Грязнова:
“Герман бус гарлын хэл” гэх дүгнэлт харамсалтай нь сонсогдож байгаа шигээ тийм гэм хоргүй зүйл биш юм. Энэхүү дүгнэлт тун удалгүй онош болох магадлалтай. … “NdH“ (Герман бус гарлын хэл) бол нийгмийн зүгээс гаргасан шийдвэр бөгөөд үүнийг ядуурал, “боловсролоос хол, хөндий” болон “хагас дутуу хэлтэй” зэрэг ойлголтуудтай холбон
үзэж болно. … Үүний ард харамсалтай нь учир дутагдалтай гэх үзэл бодол нуугдаж байна. Хүүхдийг сургуульд элсүүлэхэд авдаг судалгаанаас харахад анх сурсан хэл нь герман хэл байсан эсэх асуулт тавьж байгаа нь зөвхөн герман хэлтэй хүүхдийг төгс гэж шууд үздэгийн тодорхой нэгэн жишээ бус уу?“ (Ольга Грязнова 2021:39-40) хэмээн иш татжээ.
Хэл яриаг ийн дорд үзэж байгаа нь эдгээр хэлийг эзэмшсэн хүүхдүүдийг мөн адил дорд үзэж байгаа хэрэг юм. Тэдгээр хүүхдийг нийгмийн гишүүн бус, сайнаар хэлбэл нийгмийн гишүүн хараахан болоогүй хэмээн ялгаж, дэмжлэг үзүүлэх дамжаанд тэднийг хөхүүлэн дэмжих бус харин ялган тусгаарлаж байна. “Мэдээжийн хэрэг бүх хэл үүссэн цагаасаа адил биш гэхдээ тухайн хэлээр яригчдын нэгэн адил хүн бүр өөрийн нэр төрөө эрхэмлэн хүндлүүлэх эрхтэй” гэж “Сүйрүүлэгч амин чанар2” (2000: 118) номондоо Амин Маалуф бичсэн.
Хүүхдүүдийн гэр орондоо ярьдаг хэлийг нь шахан зайлуулах бус харин ч сургуульд үзэх анхдагч хэлний хичээл болгон санал гаргахаас гадна бүх хүүхдэд хэлний өргөн сонголтыг олгох нь чухал байна. Анхдагч хэлийг бусад хүүхэд хоёрдогч, гуравдагч хэл болгон үзэж чадах юм бол анхдагч хэлийг сая хүлээн зөвшөөрнө. Маш цөөхөн хүүхэд хоёр эсвэл гурван гадаад хэлийг дунд сургуульдаа сурах боломжтой байна. Олон оронд хэлний боловсролыг зөвхөн тухайн орны хэл рүү чиглүүлж байгаа нь олон хэлтэй хүүхэд залуусыг хэл ярианы хомсдолд оруулж байна.
Миний унших дуртай “100 хэлтэй хүүхэд” хэмээх гайхамшигтай шүлгэндээ Лорис Малагуззи энэ тухай тусгасан бөгөөд нэг хэсгээс нь иш татвал:
Нэг хүүхэд 100 хүүхдээс бүтсэн.
Нэг хүүхэд 100 хэлтэй,
100 гартай,
100 бодолтой,
Сэтгэх, тоглох, ярих 100 аргатай.
Сонсох, гайхах, хайрлах 100, 100 аргатай.
Дуулах, ойлгох 100 баяр баясгалантай.
Таньж мэдэх 100 ертөнцтөй,
Нээлт хийх 100 ертөнцтөй,
Мөрөөдөх 100 ертөнцтөй.
Нэг хүүхэд 100 хэлтэй,
(дахиад зуу, зуу, зуун хэлтэй),
гэвч 99 хэлийг түүнээс дээрэмджээ.
(Лорис Малагуззи: 100 Sprachen – Dialog Reggio e.V. (reggio-deutschland.de)
“Хүүхдийн хэл яриаг дунд сургуульд заахаас татгалзана гэдэг нь хүүхдийг мөн үл зөвшөөрч, хүүхдээс татгалзаж байна гэсэн үг” хэмээн Жим Камминс (2001:19) аль 20 жилийн өмнө онцлон хэлж байжээ. Хэлний тэгш бус байдал боловсрол эзэмших боломжийг муутгаж, нийгмийн оролцоонд саад тотгор хийж байна. Хэлний эрх тэгш байдал гэдэг бол сургуулиуд өөрсдийгөө олон хэлний сургууль хэмээн ойлгох, хүүхдүүдийн амьдралдаа хэрэглэдэг бүх хэл яриаг хүлээн зөвшөөрөх, хүүхдүүдэд олон хэл сурах эрх олгохыг хэлнэ. Олон хэл санал болгох нь “Герман хэлийг зөв сурах” гэсэн сургалтын зорилгод аюул учруулах бус харин үүнийг зөв хийвэл хэлийг илүү их ойлгоход туслах бөгөөд шинэ хэлийг толгойд илүү сайн батжуулж өгнө. Үүнийг Герман хэлний багш нарын олон улсын хурал дахин дахин харуулж байна.
2 Mörderische Identitäten – идентичность – уг үгийн орчуулгын тухайд олон судлаач эрдэмтэн сонирхолтой хувилбар дэвшүүлснээс др. проф. С. Дулам, Б. Болорсайхан нарын “амин чанар/хувь төрх” гэх орчуулгыг уг контекстэд илүү нийцнэ гэж үзлээ. Уг үгийн орчуулгын хувилбаруудад “хувь чанар, илэрхийлэл, өвөр төрх, ондоошил, ижилсэл, ялгарал, хамаатал, уугуул мөн чанар” г.м. хэд хэдэн хувилбар байна.
Хэл яриаг өөр өөрөөр үнэлж цэгнэхийг бид нэг өдрийн дотор шийдэж чадахгүй, харин их дээд, дунд сургуулиуд хэлний ялгаатай байдлыг хүмүүний хамтын амьдралын ердийн нэгэн төлөв байдал хэмээн үзэж туулахад тохирсон газрууд мөн юм. Залуу хүмүүс өөрсдийн хэл яриа болон бусад олон хэлний нөөц санг хүлээн зөвшөөрдөгийг таньж мэдэх, суралцах, тэдний мэдэхгүй хэл яриаг айж эмээлгүйгээр хүлцэн тэвчих, тэдгээр мэдэхгүй хэл яриаг сонирхох, сурах зэрэгт тохирсон, зүйтэй газар нь их дээд, дунд сургуулиуд болно. Эргэн тойрондоо байгаа мэдэхгүй хэл ярианаас бүгд айж эмээхээ больсон тэр цагт л хэл бүхэнд нийцсэн олон хэлний нийгэм хэвийн байдалтай болно. Таны зааж буй герман хэлний хичээл олон хэлний боловсрол, хүмүүжил олгоход хувь нэмэр оруулж байгаа эсэх талаар та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
3. Хэл яриаг хуваах, салган тусгаарлах явдал олон хэлний нийгэмд явцгүй юм. Олон хэлний шударга ёсыг тогтоохын тулд олон хэлний нэгдсэн нэг хөтөлбөр боловсруулах, хүмүүсийн олон хэлний амин чанарыг хүлээн зөвшөөрөх шаардлага тулгарч байна.
Тиролын зохиолч Карл Техет 1900 оны үед хэвлэгдсэн нэгэн шог өгүүллэгтээ хүн амын тооллогын үеэр албан хаагч Шнайдераас ярианы хэлнийх нь талаар асуухад тэрээр эргэлзсэн тухай ийнхүү бичжээ: “Тэр юу гэж хариулах ёстой байсан юм? Гэртээ польшоор, заримдаа бага зэрэг германаар; танил нөхөд, хамаатан садантайгаа болон албан дээрээ хоёр хэлээр, бас рутен болон румын хэлээр ярьдаг байжээ. … Төвийг сахьсан! Адил биш, өөрчлөгддөг” хэмээн албан хуудас дээр3 бичив.
Сургууль, нийгэм нь герман хэл – эх хэл, герман хэл – хоёрдогч хэл, герман хэл – цөөнхийн хэл, эх хэлний хичээл, нэгдүгээр гадаад хэл, хоёрдугаар гадаад хэл гэх мэтээр хэлийг хатуу дэс дараалалд оруулж, ялгаж салгаад байна. Аль нь нэгдүгээр, аль нь хоёрдугаар хэл болохыг хүмүүс өөрсдөө тогтоох шаардлагатай юм. Өмнөд Тиролд хүн ямар хэл, хэдэн хэлээр ярьдагаас үл хамааран хэлний аль бүлэгт харъяалагддаг тухай тайлбарт герман эсвэл итали хэлний бүлэгт багтдаг болохоо мэдүүлсний дараа олон нийтийн албанд өрсөлдөх боломжтой болдог. Хэлний бүлгийн эзлэх хувийг ингэж тогтоож байна.
Хичээл сургалт болон иймэрхүү хүнд суртлын тогтолцооноос гадуурх хэлний амьд орчин бол ноён Шнайдерийн “Адил биш, өөрчлөгддөг” хэмээн хатуу ширүүн илэрхийлсэн шиг ялгамжаатай, ондоо оршсоор ирсэн, одоо ч тэс өөр билээ. Тэрээр зөвхөн нэг хэлэнд уяатай байхыг хүсээгүй. Олон хэл бие биендээ хэрхэн уусан шингэдэгийг та бүхний олонх нь мэднэ. Хилийн бүс нутгуудад, Литва, Румын зэрэг улс, ази, африкийн олон улс оронд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим, олон хэлтэй айл өрх, байгууллагын хэлний ертөнц нь сургуульд үздэг хайрцаглагдсан олон салангид хэлнээс илүү олон талтай, нэгэн зэрэг, холилдон оршиж байна.
Дэлхийн бүх дунд сургуулиудад хэлний хичээлийг нэг хэлний хэм хэмжээг баримтлан зааж байна. Энэ нь хоёр буюу түүнээс дээш олон хэлтэй хүүхдүүдийн хэл ярианы чадамжийг нэг хэлтэй хүүхдүүдийн хэл ярианы чадамжаар хэмжиж байна гэсэн үг. Ийн хэлний тэгш бус байдал буюу эрэмбэ дараа нэг хэлийг сайтар эзэмшсэн болон толгой нь олон хэлээр ажилладаг бусад хүмүүсийн хооронд үүсэж байна. Олон хэлтэнгүүд жишээ нь нэг хэлний даалгаврыг гүйцэтгэхэд илүү их цаг зарцуулдаг.
Олон хэлтэй суралцагч нарын хэл тус бүрийг унаган хэлтэй хүний чадамжаар хэмжихээ больж харин тэдний ярьдаг бүх хэлийг нэгдсэн нэг хэлний нөөц сан хэмээн ойлгож үзэх юм бол герман хэлний тестэнд хасах оноо авч буй 2-3 хэлтэй хүүхдүүдийг сургуульд
3 Карл Техет: “Мөнхийн Австри улс”. П. Штахелийн ишлэлээс: Хэлний алдаанаас болж мөхөж буй төр улс. Ж. Фейхтингер / П. Штахел: Соёлын эд зүйл. Штудиен хэвлэлийн газар, Инсбрук 2001, 11-46
сурах болоогүй хэмээн тайлбарлаж байгаа одоогийн энэ солиорлыг шууд буруу гэж үзэн илчлэх юм.
Нэгээс дээш хэлээр өөрийгөө илэрхийлж чаддаг бүх хүн нэг хэлээр ярьдаг хүнээс илүү баялаг, илүү чадамжтай. Нэг хэлээр харилцдаг хүмүүст өөр хувилбар болон хэлний эрх чөлөө байхгүй, олон хэлтэй хүмүүс магадгүй ганц нэг алдаа гаргана, аялгатай ярина, гэхдээ тэдний харилцааны хүрээ, хэлний ухамсар илүү өргөн байдаг. Бид энэ төлөвийг өөрчлөх хэрэгтэй. Хэлний тэгш байдал гэдэг нь төрөлх бус хэлээр харилцагчдын өөртөө итгэлтэй байх чанарыг сайжруулахыг хэлнэ. Өөртөө итгэлтэй байх чанарыг багш та бүхэн суралцагчдад эхнээс нь зааж сургах ёстой. Герман хэлийг хоёрдогч буюу гуравдагч хэл болгон зааснаар Та суралцагчийнхаа хэлний эрх чөлөөт байдалд хувь нэмрээ оруулж буй болно.
Нобелийн шагналт зохиолч Херта Мюллер олон хэлээр дамжуулан илэрхийлсэн энэхүү баялаг сангийн тухай гайхалтай сайхан өгүүлсэн байдаг:
Сарнай буюу трандафир гэх үг нь румын хэлэнд эр хүйсийн үг. Мэдээж эм хүйсийн сарнай нь эр хүйсийн сарнайгаас ондоо харагдана. Герман хэлэнд сарнайг эмэгтэй хүнээр, румын хэлэнд эрэгтэй хүнээр төлөөлж байна. Энэ хоёр төсөөллийг мэддэг бол эдгээр хоёр утга санаа тархинд нэгдэж нийлнэ. Эр, эм хүйсийн тухай бодол санаа задарч энэ сарнай дотор эрэгтэй, эмэгтэй хоёр бие биетэйгээ найган ганхана. Ингэж гайхалтай, хачин сонин хоёр биет яруу найраг төрнө. Хоёр биетэй энэхүү сарнай4 өөрийн болоод дэлхий ертөнцийн талаар нэг хэлтэй сарнайгаас ямагт илүү өгүүлэх болно.
Энэ ишлэлийг уншиж байх зуур таны санаанд магадгүй өөр хэлний жишээ орж ирсэн байж болох: la lune (франц, эм хүйсийн үг) – герман хэлээр der Mond (эр хүйс) – сар, le soleil (франц, эр хүйсийн үг) – герман хэлээр die Sonne (эм хүйс) – нар. Цаг уурын өөрчлөлтийн энэ цаг үед “Нар” хэмээх эр үг эм үг болох үдшийн гайхамшигтай нарнаас илүү тохиромжтой ч байж магад. Херта Мюллерийн дүрслэн бичсэн шиг олон хэлний тухай өнөөгийн ойлголт нь зөвхөн нэг хэлний тухайд биш харин олон хэлний урын санг бүхэл бүтэн нэг цогц сан хэмээн авч үзэж буй явдал бөгөөд дэлхий ертөнцийг олон хэлний шинэ өнцгөөр харах байдал улам нэмэгдэх юм.
АНУ-д сургалт, судалгааны ажлаа явуулж буй Кубын боловсрол судлаач эрдэмтэн, олон хэлний шинжээч мэргэжилтэн Oфелиа Гарсиа нэг хэлний хичээлд ч хэл дамнасан үзэл санаа болоод олон хэлийг татан оролцуулж үзэхийн чухлыг болон боломжийн талаар байнга хэлдэг.
Суралцагчдын ярьдаг бүх хэлийг багш мэдэх боломжгүй. Гэхдээ сурах орчныг (О.Г: ангийн экологи) бүрдүүлэх боломжтой. Үүний тулд ном сурах бичиг болон хаягжуулалтын самбар, заалтуудыг олон хэл дээр гаргах; гэр бүлийн хүрээнд ярьдаг хэлээр нь ажлын хэсгүүдийг байгуулснаар суралцагчид эзэмшсэн хэлнийхээ бүхий л нөөц баялагийг ашиглан сургуульдаа үздэг хэлний эх бичвэрийг тайлбарлаж чаддаг байх; суралцагчдад мэддэг хэлнийхээ бүх нөөцийг ашиглан ярьж, бичихийг зөвшөөрөх, хичээлийн албан ёсны хэлний “хууль ёсны” нөөц баялагийг эзэмших хүртэл хүлээх шаардлагагүй байх; сургуулиудад тогтоосон хэлний эрэмбэ дарааллын эсрэг тэмцэхийн тулд сурагчдын хэл ярианы бүхий л дадлага туршлагыг оролцуулах зэрэг арга хэмжээ авч болно.
Oфелиа Гарсиа, Сэтгэл судлал Өнөөдөр 2016:
https://www.psychologytoday.com/us/blog/life-bilingual/201603/what-is-translanguaging
Хэлний хэрэглээ болон хүний өөрийн мөн чанарыг бүтээх үйл явцад олон хэл холилдох болон соёлын амин чанар эрлийзжэх нь олон хэлний нийгэмд амьдарч буй хүмүүсийн онцлог шинж тэмдэг юм. “Чиний анхдагч эсвэл жинхэнэ эсвэл хамгийн чухал эсвэл
4 Херта Мюллер: салхи намдахад тэр (эр хүйсийн) сарнай зогсоод үлдэнэ. Гадаад хэл сурахад өөрийн хэл хэр их харийн болох тухай. Гёте-Институт 2001
хамгийн дуртай хэл аль нь вэ?” гэж асууж болохгүй. Та ч ингэж бүү асуугаарай. Олон хэлтэй хүмүүст тусдаа нэг хэл бус “олон хэл нь” тэдний өөрийн хэл болно.
Хэлний тэгш байдал хүнийг нэг хэлний өнцгөөс зөвхөн нэг хэлээр нь хэмжих бус, тэр нэг хэлийг нь боловсрол болон нийгмийн харилцаанд оролцох урьдчилсан нөхцөл болгохыг шаарддаг. Хүн аль нэг хэлийг сайн сурдаг, дэлхийн хаана ч тэр герман хэлийг шамдан сурч байгаа бүхэн, мөн шилжин суурьшигчид герман хэлийг сайн сурч байгаа талаар энд хөндөөгүй гэдгийг үл ойлголцол төрүүлэхгүй байх үүднээс хэлэх нь зүйтэй. Сурч буй хэл бүрийг төрөлх хэл шигээ сурдаггүйн улмаас илүү цогц олон хэлний орчинд өсч хөгждөг хүний хэл болон хэл сурахуйн чадвар, чадамжуудыг нь хэм хэмжээнд нийцэхгүй мэтээр гутаан доромжлох талыг харин хөндөж байгаа юм. Хүн сурсан бүх хэлээ сургууль болон их дээд сургуулийн орчноос гадна бие даан хэрэглэж чаддаг байх нь илүү чухал бөгөөд үүнийг хэлний тэгш байдал хангаж өгөх юм.
Бүх тээврийн хэрэгслийн зорчигчид зам тээврийн орон зайг эрх тэгш зохицуулалттай хэрэглэж болох Швейцарь улсаас эхлэн нэвтрүүлсэн уулзалтын бүстэй зүйрлэн авч үзвэл бид бүгд бие биендээ анхаарч, хүндэтгэл үзүүлж чадвал энэ маш сайн хэрэгжих боломжтой юм. Хотын гудамжны хөдөлгөөнд нэвтрүүлсэн энэхүү уулзалтын бүсүүдийг энэ зуур олон хотод барьж байгуулжээ. Бид зам тээврийн хөдөлгөөнд явган зорчигч, автобусаар зорчигч, эсвэл өөрийн автомашин эсвэл дугуйгаар зорчигчийн хувиар оролцдог тул бидний үүрэг байнга солигдож байдаг. Бид өөр өөр байр суурийг мэдэх учраас бие биедээ илүү сайн анхаарал, хүндэтгэл үзүүлж чадах юм. Олон хэлийг хориглох, элит хэл гэж илүүд үзэх бус харин хэл хэлний ондоо шинж байдлыг хүлээн зөвшөөрөх, ашиглах, олон хэлний уулзалтын бүсийг бий болгох, олон хэлний ялгаатай байдлыг ухамсартайгаар дасган суралцах нь зүйтэй. Үүний тулд олон хэлний нэгдсэн хөтөлбөр боловсруулах, олон хэлний харилцааны нөхцөл байдлыг чухалд тавьсан олон хэлний хичээл санал болгох шаардлагатай. Суралцагчдын тархинд олон өөр хэлний огтлолцол тэртэй тэргүй явагдана. Үүнийг сургуульд үздэг хэлний хичээл, мөн герман хэлний хичээл дээр дэмжиж өгөх хэрэгтэй. Энэ бүхэн хэрхэн яаж өрнөж болох олон өөр арга замыг олон улсын герман хэлний багш нарын их хурлаас та бүхэнд зааж өгсөн.
4. Хэлний эрх тэгш байдал адил бус хуваарилагдсан байна. Хэлний шударга ёсны дагуу бүх хүн хэлний эрхээ адилхан эдлэхийг шаарддаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд олон хэлний байдлыг хувь хүний эрх хэмээн хүлээн зөвшөөрч, мөн зөвшөөрүүлэх хэрэгтэй.
Ямар хэлээр ярьдаг оронд төрөхөө бид сонгож чадахгүй. Тиймээс хэлийг янз бүрээр үнэлж дүгнэх нь хүний эрхийн үүднээс дорд үзсэн хэрэг юм.
Анх сургуульд элсэхдээ хэлний ондоо орчинд орж, эсвэл өөр шинэ хэл сурч эсвэл өөр орон болон өөр хэлний нутаг дэвсгэрт шилжин суурьшиж буюу дүрвэж буй хүмүүс бүгд өөрийн хэл яриа болон тухайн хэл ярианд хадгалагдсан бүх зүйлийг хамт авч явна. Жишээлбэл дүрвэн зугтахдаа ч тэдний авч явж чадах цорын ганц өмч нь хэл юм. Гэр бүлийнхэнтэйгээ ярьж хэлэлцдэг хэл яриа нь өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадах, итгэж найдсан хүмүүстэйгээ санаа бодлоо солилцож чадах аюулгүй байдлын арал юм. Гэхдээ өнгөрснөө зориуд мартахыг хүссэн буюу тухайн хэл дээр сэтгэлээ шархлуулсан нэгэн өөр хэлээр ярьж сурснаар цаашдаа илүү сайн амьдрах боломжтой болдог байна. Өөр шинэ орон ертөнцийг нээн илрүүлж, хайж шинжлэх дуртай нэгэнд хэл сурахуйн шинэ шинэ санал хэрэгтэй байдаг. Аливаа хэлийг хүлээн зөвшөөрөхгүй, доромжлох буюу бүр хориглох, шинэ хэл сурахыг хориглох юм бол олон хүний (хэлний) амин чанарыг гутаан доромжилж буй хэрэг юм.
Албан ёсны хэлний бодлого нь тодорхой хэсэг бүлгийг, ялангуяа хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний цөөнхийг хамгаалдаг. Олон хэлний эрхийн тухай Барселонагийн тунхаглалд
хувь хүний биш харин хэсэг бүлэг үндэстний хэлний эрхийг баталгаажуулсан байна. Хувь хүн болоод түүний хэлний тодорхой эрхийн талаар хэлний бодлогод өнөөг хүртэл тусгаагүй байна.
Эрх тэгш байдал болон шударга ёсыг онцлон тэмдэглэдэг төр, засгийн газар болоод НҮБ, Европын Зөвлөл гэх мэт байгууллагуудаас үндэсний цөөнх болон тэдний хэл яриаг хамгаалах эрхийг боловсруулсан ч тэр нь бүх хүнд адил тэгш үйлчлэхгүй байгаа нь хэлний салбарт тэгш бус байдлыг үүсгэхэд хувь нэмэр оруулж байна.
Миний хувьд энэ байдал гайхмаар бөгөөд асуулт төрүүлсэн хэвээр. Жишээ нь Европын Зөвлөлөөс гаргасан “Бүс нутгийн буюу үндэсний цөөнхийн хэл ярианы тухай Европын тунхаг бичиг”-т “Сүүлийн үед өрнөж буй шилжин суурьших хөдөлгөөнтэй холбоотой аман аялгуу болоод хэл яриаг хатуу хориглох” гэж бичсэн байна.
Хэлний бодлогын нэг чухал үүрэг даалгавар бол үндэс угсаа, хэл болоод бүс нутгийн ялгаварлал үгүйгээр бүх хүнд хэлний ижил эрх, хэлний ижил эрх чөлөө үйлчилж байх, хаана амьдарч ямар хэлээр ярьдагаас үл шалтгаалан бүх хүн боловсролыг тэгш хүртэж байх зэрэг асуудлыг зохицуулахад оролцох явдал юм. Үүнд өөрийн гэр бүлд ярьдаг хэл яриатайгаа ижилсэх, эх хэлээ өргөн хүрээтэй сурч эзэмших, хэрэглэх, цааш дамжуулах, мөн өөр бусад хэлний тулд өөрийн ярьдаг хэлээ орхих зэрэг эрх багтана. Үүнд мөн хэл сурах эрх багтана. Ерөнхий боловсролын сургуульд хэл сурах олон янзын саналыг тавих – наад зах нь гурван хэл сурах боломжтой байх ёстой. Тухайлбал, бага бүлгүүдийн хувьд хэлний дамжаанд хэл сурах саналыг тавьж болно.
Олон хэл болон хэлний эрх чөлөө эдлэх хувь хүний үндсэн эрхийн талаар би энд санаагаа илэрхийлж байна. Энгийнээр хэлэхэд:
Хүн бүр сонголтоороо олон хэл сурч, хэрэглэж, өөрийн мөн чанарын хувьд олон хэлэнд хамааран орших эрхтэй.
Олон хэлний хувьд эрх тэгш үйлчлэх нийгэм болон олон хэлээр сурган хүмүүжүүлэх зорилгыг үнэхээр нухацтай авч үзвэл хэлний хичээл, бидний зааж буй герман хэлний хичээл мөн адил нийгэм, улс төрийн нэгэн чухал үүрэг хүлээх юм. Хэлний хичээлээр олон хэлний эрх болон хэлний тэгш байдлын талаар ярилцах, судлах үүрэг үүнд хамаарна. Хэл сургах болон хэлний үзэл санааны талаар мэтгэлцэх буюу хэлэлцэх хоёр хоорондоо холбоотой. Энэ утгаараа герман хэлний хичээл нь Европын Зөвлөлөөс „Democratic Citizenship“ буюу “Ардчилсан иргэн”, НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас „Global Citizenship Education“ буюу “Дэлхийн иргэний боловсрол” хэмээн нэрийдсэн дэлхий нийтийн хэмжээнд тавигдаж буй шаардлагад тулгуурласан боловсрол, хүмүүжлийг олгох энэ чиг баримжааны нэг хэсэг болно. Хэлний бодлогыг тусгасан герман хэлний хичээлээр олон хэлний эрх тэгш нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж болно. Үүний тулд хэлний сургалтыг бага бүлгээр явуулах, багш бэлтгэх сургалт болон багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт сайн зохион байгуулах, герман хэл заах цагийг хангалттай ногдуулах зэрэг арга замаар боловсролын бодлогын дэмжлэг туслалцааг бид бүхэн шаардах ёстой. Долоо хоногийн нэг цагийн герман хэлний хичээлээр энэ хариуцлагатай үүрэг даалгаврыг биелүүлэх боломжгүй юм.
Олон хэлний эрх тэгш нийгэмд олон хэлний сургууль ямар байж болох вэ гэдэг дараах 5 гол тулгуур ойлголтыг нэрлэхийг би хүсэж байна. Энэ тухай хэлний бодлогын үзэл санаанаас та мөн харж болно.
1. Хэлний сорил шалгалтаар тусгаарлах бус харин хэлний олон төрлийн сурах бүлгүүдийг зориуд үүсгэх, олон хэлний нэг соёл бүтээх, түүнчлэн бүс нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хэл сурах санал тавих.
2. Олон хэл, соёлын орчинд өссөн олон хэлтэй багш нар ажиллуулах. Их дээд сургуулиуд зориуд олон хэлтэй багш нарыг ажиллуулж, сургахаас гадна олон хэлний сурах соёлыг хөгжүүлэх шаардлагатай.
3. “Олон хэлний дугуй ширээ”-ний уулзалтыг зохион байгуулж, бүх мэргэжлийн багш нар болон эцэг эхчүүд хэлний тухай асуудлаар тогтмол санал солилцох, анги бүлэг дамнасан олон хэлний хичээлийг зохион байгуулах.
4. Сургууль дээрээ хэл сурах олон талт санал санаачилгыг гарган дэвшүүлж, өөр бусад сургууль, ТББ, цөөнхийн болон шилжин суурьшигсдын холбоод, нийгэмлэгүүд болон өөр бусад орны түнш сургуулиудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх. Энэ бүх үйл ажиллагааг сургуулийн хэмжээнд хүн бүхэнд хүртээмжтэй, үзэгдэж харагдахуйц, сонсогдохуйц байдлаар зохион байгуулах шаардлагатай.
5. Сургууль, эцэг эх, багш, эрдэмтэд хамтран өөрийн улс орон, оршин суугаа хот болон бүс нутгийн хэлний бодлого боловсруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, үүний тулд тус тусынхаа холбоодын дэмжлэг туслалцааг авах.
Хэлний бодлогыг бид хувь хүний олон хэлний эрхийн бодлого хэмээн ойлговол зохистой. Хэрберт Христ хөндлөнгийн оролцооны ёс зүйн шаардлагын талаар ийн дурьджээ:
Хэлний бодлогын тухайд ч … (ардчилсан зарчмаар) хөндлөнгийн оролцооны ёс зүйн шаардлага үйлчилнэ. Бид улс төрд … нэр нь үл мэдэгдэх эрх мэдэлтнүүдийн эрхшээлд арчаагүйгээр орсон бус харин бид хэлний бодлогын асуудалд оролцож чадна, оролцох эрхтэй бөгөөд бид үүнийг хийх ч ёстой. (Христ 2009: 47).
Хөндлөнгийн оролцооны ёс зүйн шаардлагыг би өнөөдөр Таньд, танай холбоодод цааш хүргүүлэхийг хүсэж байна. 100 хэлний тухай шүлгээ Малагуззийн төгсгөссөнөөр энэхүү илтгэлээ би өөдрөг үзлээр өндөрлөе:
100 байхгүй гэж хүүхдэд хэлэв.
“100 байдаг юм шүү” хэмээн тэр хэлэв.
Орчуулсан: Б. Болормаа
Орчуулгын редактор: Проф. Др. Х. Наранчимэг